Аялал жуулчлалын бүсийн авто зам дагуу 200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулна

🕔 2023/03/14 10:45

БОАЖЯ-наас “Эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх” арга хэмжээний хүрээнд гаргасан Байгаль орчин аялал жуучлалын сайдын дөрвөн албан даалгаврын нэг болох хөрсний бохирдлын асуудлаар хийж буй ажлын талаар  танилцууллаа.
 
Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний бохирдлын шинжилгээгээр нийт дээжийн 88 хувьд нь хөгц, мөөгөнцөр илэрч, гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувьд нь нянгийн бохирдол их гарчээ. Мөн хүнд металийн бохирдлоор ихээхэн бохирдсон гэсэн дүн гарсан байна. Тиймээс Байгал орчин, аялал жуучлалын сайдын албан даалгаврын хүрээнд ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах тэр тусмаа аялал жуучлалын бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын болоод аялал жуучлалын зам дагуу үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын нүхэн жорлонг  сайжруулах ажлуудыг хийж байгаа юм байна.
 
Тухайлбал, авто зам дагуух нүхэн жорлонтой холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд БОАЖЯ, Зам тээвэр хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж Улаанбаатар хотоос аялал жуучлалын гол чиглэл бүхий авто замын дагуу 21 цэг дээр 16 аж ахуй нэгж байгууллага 200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн байна.
 
 
Энэ талаар БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх “Барилга, аялал жуучлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан барилга бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, нийтийн боловсон ариун цэврийн байгууламжийг нэн тэргүүнд ашиглалтад оруулах тал дээр онцгой анхааран ажиллаж байна. Автозам дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нүхэн жорлонгоо татан буулгаж боловсон ариун цэврийн байгууламжтай болох хэрэгтэй. Энэ тал дээр асууж тодруулах, хамтарч ажиллах шаардлага, хэрэгцээ байгаа бол БОАЖЯ дээр ирж уулзах бүрэн боломжтой” гэсэн юм.
 
Мөн хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой ариун цэврийн байгууламжийн талаар авч хэлэлцүүлэх ажлуудын талаар гуравдугаар сарын 28-нд чуулган зохион байгуулна. Үүнд иргэн, аж ахуй нэгжүүдийг өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлэн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг албаныхан хүссэн юм.
 
 Үүнээс гадна БОАЖ-ын сайдын албан даалгаврын хүрээнд сар тутам нэг удаагийн их цэвэрлэгээг хийхээр болжээ. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуулиудаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийнхаа орчны 50 орчим метр дэх талбайг цэвэрлэх, хог хаягдалгүй байлгах, ариун цэврийг сахиулах үүргийг хүлээдэг.
 
Тиймээс иргэн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийнхаа орчны 50 орчим метр дэх талбайгаа нийгмийн хариуцлага хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд хэлүүлж шаардуулахгүйгээр цэвэрлэх хэрэгтэй гэдгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх санууллаа.
 
Монголыг зорьж ирсэн жуулчид Гандангаар их зочилдог учир БОАЖЯ-аас Гандантэгчэнлин хийдийн захиргаанд болон Соёлын яаманд соёлын өвүүдийг угааж цэвэрлэж, өнгө үзэмжийг сайжруулахтай холбоотой харъяа байгууллагуудтайгаа их цэвэрлэгээний ажлуудыг хийх талаарх албан бичгийг хүргүүлсэн байна. Ил задгай хог хаягдлыг цэвэрлэх хүрээнд албан даалгаврын хэрэгжилтийг сар бүрийн 25-ны дотор БОАЖЯ дээр нэгтгэж авч ажиллахаар болжээ. 
 
 
Б.ОДЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Санал болгох