Гандантэгчэнлин хийдэд орчин тойрноо цэвэрлэх албан бичиг хүргүүлжээ
БОАЖЯ-аас “Эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх” арга хэмжээний хүрээнд гаргасан Байгаль орчин аялал жуучлалын сайдын дөрвөн албан даалгаврын нэг болох их цэвэрлэгээний асуудлаар хийж буй ажлуудынхаа талаар танилцууллаа.
Сайдын албан даалгаврын хүрээнд сар тутам нэг удаагийн их цэвэрлэгээний ажлыг хийж ажиллахаар болжээ.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуулиудаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийнхаа орчны 50 орчим метр дэх талбайг цэвэрлэх, хог хаягдалгүй байлгах, ариун цэврийг сахиулах үүргийг хүлээсэн байдаг байна.
Тиймээс иргэн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийнхаа орчны 50 орчим метр дэх талбайгаа нийгмийн хариуцлага хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд хэлүүлж шаардуулахгүйгээр цэвэрлэх хэрэгтэй гэдгийг БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх танилцуулгынхаа үеэр хэлсэн юм.
Монголыг зорьж ирсэн жуулчид Гандангаар их зочилдог учир БОАЖЯ-аас Гандантэгчэнлин хийдийн захиргаанд болон Соёлын яаманд соёлын өвүүдийг угааж цэвэрлэж, өнгө үзэмжийн сайжруулахтай холбоотой харъя байгууллагуудтайгаа их цэвэрлэгээний ажлуудыг хийх талаарх албан бичгийг хүргүүлсэн байна.
Ил задгай хог хаягдлыг цэвэрлэх хүрээнд албан даалгаврын хэрэгжилтийг сар болгоны 25-ны дотор БОАЖЯ дээр нэгтгэж авч ажиллахаар болжээ.
Түүнчлэн эзэнгүй нохой, муурууд ихэссэнтэй холбогдуулан тоог нь цөөрүүлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.