Самар түүх хугацаа дууссан тул иргэдийг уулнаас буулгав
Цагдаагийн байгууллагаас Хил хамгаалах байгууллагатай хамтран хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн иргэдийн үйлдлийг таслан зогсоож, тэднийг аврах ажлыг зохион байгуулжээ.
Монгол орны ой сав бүхий нутаг дэвсгэрийн долоон хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг байна.
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 282-р тушаал ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах журмыг шинэчилж хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр тогтоожээ.
Тиймээс Экологийн цагдаагийн алба, Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж самар түүх хугацаа дууссан тул иргэдийг уулнаас буулгах ажлыг гүйцэтгэсэн тухай Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээлэв.
Экологийн цагдаагийн албаны зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар "Өнгөрсөн онд зөвхөн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт нийт самарт явсан иргэдийн 12 нь золгүй байдлаар амь насаа алдсан байна. Үүнээс Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 6, Хэнтийд 2, Төв аймагт 4 тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна" гэжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8-р зүйлд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал тэдгээрийн үр эрхтнийг түүсэн бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл нэгээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл нэгээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг байна.
Иргэд хуш модны самрыг хууль бусаар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг нь ихээр гэмтээдэг байна. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс болж мод мөхөх экологийн тэнцвэр алдагдах аюултай байдаг аж.
Цагдаагийн байгууллагаас дээрх журмыг зөрчсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах зорилгоор энэ оны хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газраас Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн харьяат нийт 23 иргэнийг саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.