Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх талаар ярилцлаа

🕔 2023/03/10 09:11

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайдын орлогч Ж.Ходжаевт Узбекистаны Засгийн газрын ордонд бараалхав.
 
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Төв Азийн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогыг идэвхжүүлэх, түүний дотор Узбекистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх хүсэл эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.
 
сонин mn
 
Тэрээр Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдийн солилцоо, бизнес, аж ахуйн нэгж хоорондын хэлхээ холбоог дэмжихийн төлөө байгааг тэмдэглэж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Дипломат төлөөлөгчийн газрыг ойрын хугацаанд нээх нь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж итгэж буйг онцлов.
 
Ерөнхий сайдын орлогч Ж.Ходжаев өнгөрсөн онд Самарканд хотноо болсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Узбекистаны төрийн тэргүүн нар уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаад баяртай байгааг илэрхийлж, хоёр улсын хоорондын худалдааг дэмжих, тухайлбал Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, боловсруулсан арьс, шир нийлүүлэх, Узбекистан Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлэх зэрэг харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор холбогдох салбар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээ илэрхийлэв.
 
сонин mn
 
Тэрээр боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих, монгол оюутнуудыг Узбекистаны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.
 
Талууд хоёр улсын харилцааг хөдөө аж ахуй, мал аж ахуй, тээвэр, логистик, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт идэвхжүүлэх өргөн боломж, нөөц бололцоо байгааг санал нэгтэй тэмдэглээд цаашид худалдааны саад тотгорыг арилгах, иргэд, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын хооронд агаарын замыг нээн шууд нислэг үйлдэх, Агаарын харилцааны тухай болон Авто тээврийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус ойрын хугацаанд эцэслэн тохирч, байгуулахаар тогтов.
 
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх талаар ярилцаж, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэхэд хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар болов.

скачать dle 12.0

Санал болгох