Гуравдугаар сард 40 мянган жуулчин хүлээж авахаас 10 мянга нь ирсэн байна

🕔 2023/03/07 14:20

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Тэрээр:
-Он гарсаар өчигдрийн байдлаар Монгол Улсад 53 мянган жуулчин ирсэн байна. Жуулчин хүлээж авах зочлох жилтэй холбоотойгоор гуравдугаар сард 40 мянган жуулчин хүлээж авах зорилттой байгаа бөгөөд эхний зургаан өдрийн байдлаар 10 мянган жуулчин ирсэн байна.
Жуулчдыг хүлээж авахад шаардлагатай арга хэмжээнүүдийг авахын тулд жуулчны баазууд болон тусгай хамгаалалтын газруудад хяналт шалгалтуудыг явуулж байна. Нэн тэргүүнд нүхэн жорлонгуудыг сайжруулж боловсон болгох ёстой байгаа.
Шинэ нисэх онгоцны буудалтай холбоотой асуудлаар нэг цагийн урсгал 610 зорчигч тээвэрлэх даацтай гэх тооцоолол бий. Энэхүү дааыг нэмэгдүүлэх чиглэлээр Япон улсын ЭСЯ болон Японы нисэх онгоцны буудалтай ярилцсаны үндсэн дээр хамтарч ажиллаад явж байна.
Төлбөр тооцоотой холбоотой асуудлууд байгаа. БНСУ-ын жуулчид Воны картаар шууд төлбөр тооцоо хийх боломжийг Монголбанк бүрдүүлж өгсөн. БНХАУ-ын жуулчдын хувьд Вичатыг маш ихээр ашигладаг тул энэхүү платформоор дамжуулан Qpay төлбөр тооцооны системийг оруулсан.
Мөн шинэ нисэх буудлаас Улаанбаатарын чиглэлд байнгын автобусыг явуулах төлөвлөлтийн ажил хийгдэж байна. Энэ чиглэлээр Юбус компанитай хамтран тодорхой автобуснуудыг гаргах болон нийтийн тээврийн компаниудаас нэмэлтээр автобус гаргахаар төлөвлөгдөж байгаа.
Жуулчдад түрээсийн сим картуудыг өгөх бөгөөд жуулчдын аюулгүй байдлыг хангах мэдээллүүдийг тус сим картаар дамжуулан мэдээлэхээр бэлдсэн.
ОХУ-ын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах форумыг хийсний дүнд ОХУ-ын талаас 250 мянган жуулчныг хүлээж авна гэж тооцоолсон.
БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Зургаадугаар сараас нислэг үйлдэхээр төлөвлөж байсан 2 авиа компани дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр ЗТХЯ-тай ярилцаж байна.
МУ-ын талаас гуравдугаар сарын сүүлээс эхлэн АероМонголиа компани зөвшөөрлөө аваад нислэг үйлдэхээр бэлдэж байна. Харин зургаадугаар сараас Japan airlines компани наашаа нислэг үйлдэж эхэлнэ гэв.
скачать dle 12.0

Санал болгох