Өргөст торыг сольж, стандартын тор хийж эхэлсэн

🕔 2023/02/08 11:41

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос авто болон төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам хийж байгаа эсэх талаар тодрууллаа.
       -Аливаа бүтээн байгуулалтыг байгаль экологид ээлтэй байлгахад олон улс анхаарах болсон. Үүний хүрээнд зэрлэг амьтдад зориулсан гарц, гармыг заавал байгуулах шаардлагатай болсон юм билээ. Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
        -Төмөр зам, авто зам эдийн засагт үр өгөөжтэй ч, нөгөө талаараа байгаль орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ тал дээр бид БОАЖЯ болон олон улсын байгаль орчин, зэрлэг амьтан хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
        Жишээлбэл, ОХУ-тай байгуулсан 1949 оны хэлэлцээрээр Алтанбулгаас 110 км замд торон хашаа байдаг. 2018 оноос төсөл хэрэгжүүлж эхэлсэн урд чиглэлийн хоёр километр замын торон хашлагыг авсан. Өөрөөр хэлбэл, зэрлэг амьтдын нүүдэллэх боломжийг хязгаарлаж байна гэдэг утгаар нь авсан. Мөн шинээр барьж буй төмөр замуудад  амьтан гарах гарцууд хийж байгаа. Ер нь төслөө хэрэгжүүлэхдээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэдэг. Тэр үнэлгээнд үндэслэн зориулалтын гарц хийдэг. Доогуур болон дээгүүр нь гарах боломжтой гарцыг хийдэг гэсэн үг.
      Уг үнэлгээг олон улсын байгууллага хөдөлгөөн мэдрэгч, камер байршуулаад мэргэжлийн түвшинд боловсруулж, говийн, уулархаг бүсээр нь ангилж гарц, гарам байгуулдаг. Мөн торны хэлбэрийг өөрчилж, мал амьтан гэмтээхгүй байдлаар хийж байна. Бидний хэрэгжүүлсэн уг төсөл олон улсын байгууллагын шилдэг төслөөр шалгарч байсан.
Мөн торны хэлбэрийг өөрчилж, мал амьтан гэмтээхгүй байдлаар хийж байна. 
     - Зэрлэг амьтан гардаггүй газарт гарц хийгээд байна гэсэн шүүмж байна. Ялангуяа шинээр баригдсан төмөр замд энэ байдал их ажиглагдаж байна гэж шинжээчид ярьж байгаа.  Үүнийг хэрхэн засах вэ. Энэ чиглэлээр байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой юу?
      -Бид БОАЖЯ, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сан, Шинжлэх ухааны академи зэрэг олон байгууллагатай хамтарч ажилладаг. Судалгаанд суурилсан, стандартын гарц, гарам, хашааг хийж байна.
      Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд торон хашаа барьж байгаа. Ажлаа бүрэн дуусгаагүй байна. Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тэр чигтээ торон хашаа байна. Уг ажлыг бид олон улсын байгууллагуудын шаардлагын дагуу мөн төмөр замын аюулгүй байдал талаас нь харж хэрэгжүүлж байгаа. Мөн өргөст торыг сольж, стандартын тор хийж эхэлсэн.

https://ergelt.mn/news/131/single/30377
скачать dle 12.0

Санал болгох