Оюуныг тэлэх Улаанбаатар хотын номын өргөө

Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй их хотын иргэдэд боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг хүргэхээр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 43 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хотын нийтийн төв номын санг олон улсын жишигт нийцүүлэх, иргэдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүлэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцгой анхаарч, энэ хүрээнд үүрэг өгсөн. Нийслэл хотын оршин суугчдад номын сан, ном зүйн үйлчилгээг үзүүлдэг энэ газар өдгөө соёл, танин мэдэхүйн төв болж, хүүхэд залуус эрдэмд шамдаж, оюунаа цэнэглэдэг, ирээдүйнхээ мөрөөдлийг урлан бүтээдэг орон зай болжээ.
Бүгдэд нээлттэй
Улаанбаатар хотын төв номын сан дөрвөн дүүрэгт салбартай, нийт 400 мянга гаруй боть номын фондтой. Тогтмол үйлчлүүлдэг 200-300 гаруй уншигчаас гадна жил бүр 10 мянга гаруй уншигчаар хүрээгээ тэлдэг номын өргөө билээ. Төв салбар нь чөлөөт сонголттой уншлагын хоёр, хүүхдийн болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан танхимтай. Мөн Америкийн соёл мэдээллийн төв үйл ажиллагаа явуулдаг. Номын сангийн сан хөмрөгийг судар бичиг, монгол хэл дээрх бүх шинжлэх ухааны ном зохиол, орос, англи болон бусад хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл, судалгааны материал, аудио материалууд бүрдүүлдэг.


Энд хүүхдүүд ном уншихаас гадна тоглож, сонирхолтой нэвтрүүлэг үзэж, эцэг эхтэйгээ цагийг өнгөрүүлж, сургалт, хөтөлбөрт хамрагдаж болно.

Бүтээхүйн орон зай

Их хотын номын өргөөнд бүтээлч, байгальд ээлтэй байхыг хүссэн бүхэнд зориулсан булан ч бий. Хог хаягдлыг дахин боловсруулах, хуучин эд зүйлсийг дахин загварчилснаар байгальд ээлтэй байхыг уриалдаг энэ танхимд зургаан төрлийн сургалт, воркшопыг зохион байгуулдаг.


АНУ-ын тухай төрөл бүрийн сэдвээр сонирхож буй хүмүүст мэдээлэл олж авахад нь тусалж дэмжих, олон нийтэд зориулсан нээлттэй арга хэмжээ явуулах, үүгээрээ дамжуулан хоёр улсын соёл, боловсролын харилцааг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй энэ төв Улаанбаатарын оршин суугчид, ирээдүйн иргэд өөрийгөө хөгжүүлэх, бүтээн туурвих, хорвоо дэлхийг өөртөө шинээр нээх боломжийг олгох, бүгдэд нээлттэй өргөөний онцлох нэгэн хэсэг болжээ.
