Д.Дэлгэрсайхан: Эрчим хүчний хэмнэлттэй, иж бүрэн тавилгатай эко хаусыг барьж байна
Дэлхий нийт эрчим хүчний хэмнэлттэй, эко зүйлс рүү тэмүүлэх болсон. Тэгвэл “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Start up” буландаа гачууртын шар хоолойн ам дагуу эрчим хүчний хэмнэлттэй, шинэлэг, мини хаус барьж буй “Бизнес кластер” группийн захирал Д.Дэлгэрсайханыг урьж ярилцлаа.
-“Бизнес кластер” компанийнхаа талаар танилцуулахгүй юу?
-Бидний хувьд 2015 онд “Бизнес кластер” группээ үүсгэн байгуулсан. Манай группийн хувьд “Mojo home” буюу мини, шинэлэг, эко хаус төслийг хэрэгжүүлэгч компани юм. Мөн олон улсын пассив хаусын гэрчилгээтэйгээрээ онцлог юм.
-Яагаад эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барих болсон бэ?
-Манай улсын эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Энэ өвөл хот даяараа тог цахилгаангүй болох магадлалтай гэж салбарын сайд нь хүртэл хэлсэн. Мөн иргэд 1.2 саяас дээш үнэтэй түрээсийн байранд амьдарч байна. Тиймээс бид “komplex solution” компанийн хийсэн судалгаан дээр үндэслэн үнэ боломжийн эрчим хүчний хэмнэлттэй хаусыг бария гэж бодсон. Судалгаагаар Улаанбаатар хотын иргэд утаа, түгжрэл, хөрсний бохирдол, газар хөдлөлт гэсэн эрсдэлтэй нөхцөлд амьдрахаас гадна залуу гэр бүл, ахмад настан, тусгай хэрэгцээт иргэдийн хямд үнэтэй, тав тухтай хаус тэр бүр олдоод байдаггүй нь тогтоогдсон. Манай “Mojo house” төслийн зорилго нь эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийг бууруулах, тэгш хүртээмжтэй, тав тухтай орчин бий болгох юм. Мөн нийгмийн бүх бүлэг буюу тусгай хэрэгцээт, бага насны, ахмад настанд зориулсан хямд үнэтэйгээрээ онцлог.
-Танайх эрчим хүчний хэмнэлттэй пассив орон сууц гэж байна. Тэгвэл эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг хэд ангилдаг юм бэ. Танай онцлог юу вэ?
-Хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна. Мөн эрчим хүчний хэрэглээг хангагч түлшний шаталтаас ялгардаг хорт хийнүүд нь дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийн голлох шалтгаан болж байна. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник технологи ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх нь эрчим хүчийг хэмнэх аргууд юм.
Эрчим хүчийг хэмнэдэг барилгыг дотор нь эрчим хүчний хэмнэлттэй барилга, пассив сууц, тэг эрчим хүчний сууц гэж ангилдаг. Ердийн барилгатай харьцуулахад өрхийн хэрэглээндээ цахилгаан болон бусад эрчим хүч бага зарцуулдаг, халаалтад шаардагдах дулааны хэмжээ 70кВт.цаг/м2.жил- ээс бага байх барилгыг эрчим хүчний хэмнэлттэй гэж үздэг.
Тэгвэл бид Канадад байдаг passive house-ийн холбооны туршлагыг нэвтрүүлснээс гадна Канадын “Verna” архитектур компанитай хамтран хэрэгжүүлж байна. Дулаан цахилгааны хосолмол шийдэлтэй. Нар болон тогоор халдаг. Халаалт муу байна гэж үзвэл шалны халаалтыг нэмэлтээр суурилуулсан. Харин тог тасрах юм бол газан халаагуур ажиллуулах боломжтой. Мөн Хасбанкаар үнэлүүлэхэд 20 хувийн эрчим хүчний хэмнэлттэй барилга гэж дүгнэсэн. Бага метр квадраттай. Хэрэглээний зардал бага. Гүний худагтай. Үнэ боломжийн мини, шинэлэг эко, ухаалаг хаусыг барьж байна.
-Өрөөнүүд зохион байгуулалт ямар байгаа вэ. Мөн мкв үнэ хэд вэ? Жилийн дөрвөн улиралд амьдрах боломжтой юу?
-Манай давуу тал нь бүрэн тавилгатай. Тодруулбал, ор, матрасс, шүүгээ, дөрвөн хүний ширээ сандал, буйдан, зурагтын тавиур, зурагт, будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслүүдтэй. Олон хүүхэдтэй айлд хоёр давхар ор өгч болно. Худалдан авсан хүн маань цүнхтэй хувцастайгаа ирэхэд л болно. Мөн төвийн болон төвлөрсөн дэд бүтэцтэй. Мөн дөрвөн улиралд амьдрах боломжтой. Хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй байгаа. Өрөөний хэмжээний хувьд 24м.кв, 39м.кв гэсэн хоёр сонголттой. Үнийн хувьд бүх зүйлс багтаад 84 болон150 сая төгрөгийн үнэтэй.
-Төлбөрийн уян хатан нөхцөлтэй гэсэн?
-ХАС банкны ногоон зээлд болон компанийн хувь лизингээр хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Ногоон зээл нь зөвхөн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд олгогддог бөгөөд хамгийн бага хүүтэй. Тухайлбал, урьдчилгаа 20 хувиа төлж үлдсэн мөнгөө 20 жилийн хугацаанд төлөх боломжтой. 84 сая төгрөгийн хаус авахад 17 сая төгрөгийн урьдчилгаа өгч сар бүр 749 мянган төгрөгийн төлөлт хийгээд явна.
-Ухаалаг төхөөрөмжүүдийг суурилуулсан гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Бүх төрлийн ухаалаг системүүдийг суурилуулж өгсөн. Тухайлбал, ухаалаг камер, дулаан мэдрэгч, ухаалаг гэрэл, кофе чанагчийг суурилуулсан. Ингэснээр хаанаас ч өөрийн гэрийг камераар хянах боломжтой. Мөн гэрийнхээ температураа нэмэх, хасах, эсвэл ажлаасаа гарахдаа кофе чанагчаа асаагаад ирэхэд нь кофе нь бэлэн болсон байх боломжтой. Мөн 100 хувь даатгагдсан. Гал, цахилгаанаас учирсан хохирлыг Хаан даатгал барагдуулна. Эхний нэг жилийг манай төсөл хариуцна.
-Танай барилгын технологийн хувьд өвөл баригддагаараа онцлог юм. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Дэлхий даяар барилгын чиг хандлагыг тодорхойлж буй ногоон барилгын стандарт, арга технологиудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Өвөл дийлэнх компаниудын ажил зогсдог. Тэгвэл улирал хамаарахгүй хийгдэх боломжтой хуурай технологиор барилга барих технологийг боловсруулаад байна. Яг энэ технологиор Сибирийн -50, Африкийн +50 хэмд улирал харгалзахгүй баригддаг. Харин иж бүрэн тавилгатай энэ төсөл бол Монголд анх удаа хийгдэж байгаа. Улаанбаатар хотын сүүлийн үеийн барилгуудын хувьд ул хөрсний судалгаа буюу геологийн судалгаа хийгдээгүй байдаг. Тэгвэл бид дээрх судалгааг маш сайн хийсэн.
-Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар ажлуудыг хийж байна?
-Нөгөө талаасаа бид нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр ажлыг хийж байна. Нэгдүгээрт шинжлэх ухаан хөрөнгө оруулалт хийж байна. Ингэхдээ энэ төрлийн подкастуудыг дэмжиж байна. Хоёрдугаарт, путзаалны дээд лигийн “Унаганууд” гэдэг багийг дэмжиж ажиллаж байна.
Б.БаяржавхланЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин