Г.Түвдэндорж: ДНБ-ийг 20 хувьд хүргэж, аялал жуулчлалын салбараас хоёр тэрбум ам.доллар олно гэж тооцоолж байна

🕔 2022/12/02 16:12

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.

-Аялал жуулчлалын хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн гол концепц юу вэ?
-Аялал жуулчлалын хуулийн төслийн голлох концепц нь жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгох, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авах юм. Мөн аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, харьяалах нутаг дэвсгэртээ жуулчин болон аялагч байрлах отоглох цэгийн хураамжийг тогтоох, отоглох цэгийн байршлыг тогтоох, аяллын маршрутыг тогтоох, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах эрхийг тухайн аймгийн ЗДТГ-т олгож аюулгүйн байдалд нь анхаарах хяналтыг давхар хийх юм. Түүнчлэн аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэл олгох, тур операторын тусгай зөвшөөрөл олгох, жуулчны хөтчийг бүртгэх, үнэмлэх олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тусгасан. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд одоогийн байдлаар аялал жуулчлалын салбараас ДНБ-ий зургаан хувийг бүрдүүлж байна, үүнийг гурав дахин нэмэгдүүлэхээр зорьж байна.
-Хуулийн хэрэгжилт хэзээнээс эхлэх вэ?
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилнэ.
-Ерөнхий сайд 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Хэрхэн хамгийн их жуулчдыг татан төвлөрүүлдэг салбар болгох вэ?
-Монгол Улс цар тахлын дараа олон улсад хилээ нээснээ 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр зарласан бол энэ удаа Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хууль эрх зүйн орчныг шинэчлэн өөрчилж байна. Энэ хүрээнд гадаад улс орноос Монгол Улс руу аялал жуулчлалаар ирэх иргэдийг визийн нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах, зарим нэр бүхий орнуудын иргэдийг визийн шаардлагаас бүрэн чөлөөлж, гадаадын иргэдийн Монгол Улсад аялах боломжийг бүрдүүлж байна. Одоогоор цахим виз мэдүүлдэг орны тоо 35, визийн шаардлагаас чөлөөлөгдсөн орны тоо 27, дипломат пасспортоор зорчдог орны тоо 38 байна. Агаарын тээврийн либералчлал буюу Монгол орныг зорин нисэн ирэх онгоц бүрийг хязгаарлахгүй, жилийн дөрвөн улиралд хүссэн улиралдаа чөлөөтэй нисэн ирэх боломжийг бүх талаас нь бүрдүүлэн агаарын тээврийн нислэгийг нээлттэй болгож байна. Зорилтот зах зээлийн орнууд буюу Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн гадаад сурталчилгаа, дотоодын дэд бүтцийг бий болгох чиглэлийг ойрын гурван жилийн стратегийн зорилт болгон ажиллаж байна. Аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулахад зориулан бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, онцлог эвент арга хэмжээг сар бүр зохион байгуулах, эвентийн хугацааг олон улсад зарлах ажлууд хийгдэж байна. Одоогийн байдлаар бүтэн жилийн туршид эх орноо сурталчлах, жуулчид татах 67 эвент арга хэмжээ хийгдэхээр төлөвлөсөн байна. Уг арга хэмжээнүүдийг Соёлын яам, ГХЯ, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хийх юм.
-Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Манай улсын аялал жуулчлалын ажиллах хүчний нөөцөд 1600 гаруй ААН, 88000 гаруй ажлын байр шууд болон шууд бусаар хамаардаг. Үүнээс 520 зочид буудал, 570 гаруй Тур оператор, 526 жуулчны бааз байна. Аялал жуулчлалын бүтээгдэхүүний хувьд байгаль, нийгэм, соёлын гэх ерөнхий гурван бүлгийг хамарсан томоохон хэмжээний нөөцтэй тул зөв менежмэнт, зохион байгуулалттайгаар аялал жуулчлалын улирлаа уртасган ажиллахад нэг сая ба түүнээс дээш жуулчин хүлээн авах бүрэн нөөцтэй хэмээн харж байна. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаа дээр дурдсанчлан бодлогоор дэмжих, мөн тус яам гадаад улс оронд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарсан форум зохион байгуулах зэрэг стратеги хэрэгжүүлснээр аж ахуйн нэгж байгууллагууд гадаад харилцаагаа сэргээн идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс 240000 орчим жуулчин хүлээн авч, эдийн засагт 290 сая ам.долларын орлого оруулаад байна. Энэ оны хувьд улсын хэмжээнд 250000 жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөв орчим хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. 2023-2025 онд нэг сая, түүнээс дээш жуулчин хүлээж авахаар тооцоолж байна. ДНБ-ийг 20 хувьд хүргэж, аялал жуулчлалын салбараас хоёр тэрбум ам.доллар олж, салбарын эдийн засгийн үр өгөөж нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна. Мөн Ховд аймгийн Ховд хот, Дорнод аймгийн Чойбалсан хот, Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудал, Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг 4С, Өмнөговь аймгийн Даланзадгад хотыг 4D, Хэнтий аймгийн Чингис хотыг-3C ангиллын нисэх буудал болгон шинэчилж зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт болгосноор аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том түлхэц болно гэж харж байна.
-Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр энэ хуулийн төсөлд тусгаж байгаа гэсэн. Энэ тухайд?
-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасан.
-Цэнгээнт аялал жуулчлал болох морин бооцоот уралдаан, тэмээн поло, төлбөрт тааварт уралдаан зэрэг асуудлыг багц хууль болгож оруулж ирж байгаа юм билээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Монгол орны онцлог бол нүүдэлчин ахуй соёлтой, таван хошуу малаа дээдэлдэг тэр дундаа морио шүтдэг ард түмэн. Ийм учраас Улсын Их Хурал, Засгийн газраас аялал жуулчлалыг бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалаа болон казинотой хослуулан хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалын зорилгоор хувийн жижиг онгоц, агаарын хөлөг болон бусад тээврийн хэрэгсэл ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
-Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд саад учруулж байгаа зүйлс юу байна вэ?
-Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, дэд бүтцийн асуудал, жуулчны визийн асуудал, агаарын тээврийн салбар нислэгийн тийзийн үнэ хэт өндөр байгаа зэрэг нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд саад учруулж байна гэж үзэж байна.
-Манай улс эрс тэс уур амьсгалтай. Жуулчдыг хүйтний улиралд татна гэж тооцоолж байгаа юу?
-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас бодлогын түвшинд ажиллаж байна. Өвлийн аялал жуулчлалын томоохон эвент болох Бүргэдийн баяр, Мөсний баяр, Нохой чарганы аялал, Цаатны амьдрал ахуйтай танилцах, өвлийн байгалийн үзэсгэлэнт газруудад аялах, монгол гэр ахуй соёл, зан заншилтай танилцуулах зэргээр манай улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Мөн арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд Сүхбаатарын талбайд “Green Fest” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Шинэ жилийн баярыг угтаад орон орны гацуур мод, соёлын арга хэмжээг Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.
Түүнчлэн бид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд ОХУ-тай улстай хиллэдэг аймаг, сумдын нутагт жуулчдыг олноор татан авчрах ажлуудыг хийж эхлээд байна. Манай улсын өвлийн улирал эрс тэс ширүүн уур амьсгалтай хэдий ч Канад, Швед, Норвеги улс шиг өвлийн аялал жуулчлал, түүнийг дагасан спортыг энэ орнуудын жишгээр хөгжүүлэх боломжтой гэж харж байна.
Б.Номин-Эрдэнэ
скачать dle 12.0

Санал болгох