22-ын товчоон дээр нас барсан иргэний хүү О.Гантулга: Ээж минь эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй шөнөжин тарчилсаар өглөө 07:00 цагийн үед амьсгал хураасан

🕔 2022/10/17 13:22

-Анхны задлан шинжлэх дүгнэлтээр “Хэрвээ анхны тусламж цаг алдалгүй авсан бол амь насыг нь аврах боломжтой байсан” гэж гарсан-

Ковидын хөл хорионы үеэр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн эмэгтэй 22-ын товчоон дээр шинжилгээний бичиг байхгүйн улмаас нэвтэрч чадалгүй нас барсан харамсмаар хэрэг гарсан. Тухайн иргэний хүү О.Гантулгатай ярилцлаа.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Манай ээж Архангай руу ажлаар явчихаад буцаж явсан. Хот руу нэлээд дөхчихсөн үед бие нь гэнэт муудсан юм билээ. Хот руу нэгэнт дөхсөн юм чинь гайгүй байх, очоод эмнэлэг бараадаад эмчлүүлчих байх гэж найдсан. Хэвлий хавиар нь гэнэт өвдөөд эхэлсэн юм билээ. Тэгээд хот руу ирэхэд 22-ын товчооны постоор оруулаагүй. Тухайн үед ковидийн ид синдром эхэлчихсэн байсан шүү дээ. Сүржигнээд байсан л болохоос дотооддоо ковид илрээгүй байсан. Хий сүржигнэж байсан үе. 2020 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагийн үед 22-ын товчоон дээр ирсэн байдаг. Тэгээд постоор оруулахгүй юм чинь гээд түргэн дуусан чинь ирээгүй. Өчнөөн дуудсан гэсэн. Гэтэл түргэнийхэн юу хэлсэн бэ гэхээр “Наана чинь анхны тусламж үзүүлэх эмч байгаа. Үүргээ гүйцэтгэж байх ёстой эмч бий” гээд ирээгүй. Тэр эмч тэнд яах гэж байгаа юм бэ. Болзошгүй тохиолдолд анхны тусламж үзүүлэх л гэж байгаа биз дээ.
Ээжийн тань биеийн байдал яг тэр үед ямархуу байсан юм бол?
-Манай ээж хөөрхий маш их өвдөж үнэхээр тарчилсан байхгүй юу. Үнэхээр өрөвдмөөр байдалтай байсан. Хамт байсан хүмүүс нь одоог хүртэл гэрчлээд өгье гээд холбогддог. Тэсэхийн аргагүй өвдөөд манай ээж өөрөө санаа зовсон юм шиг байна лээ. Хүний машинд такси маягийн унаатай яваа шүү дээ. Түүнээсээ санаа зовоод хүнд төвөг удчих вий, яачих вий, ийчих вий гээд их л тэссэн байх. Тэгэхэд бараг л тэр машинаас нь буулгахгүй байсаар алчихсан юм биш үү.
-Тэгээд тэнд байсан эмч нь тусламж үзүүлсэн юм уу?
-Түргэн дуудаад ирэхгүй. Наана чинь эмч байгаа гээд. Пост дээр байх ёстой эмч нь нэлээд удаж байж ирсэн юм билээ. Би цагийг нь одоо тодорхой санахгүй байна. Бичиж тэмдэглэсэн, хадгалсан баримтууд байгаа. Ямар ч байсан маш удаж байж ирсэн. Тухайн үед н.Пүрэвбаяр гэдэг эмч үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Одоо тэр эмч инээд алдаад ажлаа хийгээд явж байгаа байх даа. Жолооч нь хэлдэг юм. Ээжийг маань үзэхдээ судсыг нь л барьсан. Тэр эмчийн ганц хийсэн зүйл нь. Судас барьж үзчихээд гараад явчихсан. Жолооч нь араас нь гүйж гараад “Энэ хүний бие маш эвгүй байна шүү дээ. Та нар ядаж өвчин намдаах эм өгөхгүй юм уу” гээд гараад аминчилж уулзсан байна лээ. Жолооч өөрөө гэрчилдэг. Гэтэл жолоочид нь “Наадах чинь үхэл хагацалд хүргэх өвчин биш байна” гэж хэлчихээд яваад өгсөн байдаг.
Миний ганц гомдоод байгаа юм тэгж их өвдөлт мэдэрч байгаа хүнд ганц ширхэг өвчин намдаах эм өгчихөж болох байсан шүү дээ.
Тэгээд миний ээж шөнөжин тарчилж байгаад өглөө 07:00 цагийн үед амьсгал хураасан байдаг.
-Тухайн үед Цагдаагийн байгууллагаас мэдэгдэл хийж хэрэг үүсгэсэн байдаг. Хэрэг ямар шатандаа яваа вэ?
-Тусгай мэдлэг бүхий 4-5 шинжээч томилогдоод хэргийн материалтай нэг нэгээрээ танилцаад тэгээд бөөндөө нэгдсэн нэг дүгнэлт гаргадаг юм байна. Тэр дүгнэлт дээр үндэслэн цаашдаа шүүх хурал энэ тэр хийдэг юм байна. Тэр нь бүр инээдтэй.
Анхны дүгнэлт нь бүр нэг жилийн дараа гарч байгаа юм. Анхны задлан шинжлэх дүгнэлтээр “Хэрвээ анхны тусламж цаг алдалгүй авсан бол амь насыг нь аврах боломжтой байсан” гэж гарсан.
Тусгай мэдлэг бүхий шинжээч нар гэдэг нь цаашдаа хэргийн үйл явцыг л үргэлжлүүлдэг юм шиг байна лээ. Би хуулийн хүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Нөгөөх дүгнэлт нь нэг жилийн дараа өчнөөн хүлээлгэж гарахдаа илтэд худлаа гарсан. Тэнд өчнөөн гэрч байсан. Ямар нь тэгж худлаа мэдүүлэг өгснийг би сайн мэдэхгүй. Эмч судас барьж үзсэн гээд байгаа. Түүнийгээ анхны тусламж үзүүлсэн болгож яриад байгаа. Хэддүгээр зуунд яаж оношлоод байгаа юм бэ. Үнэхээр тэгж оношилж болдог юм бол яагаад буруу оношилчихдог юм. Би хувьдаа нойр булчирхайн цочмог юм болчихов уу даа л гэж бодоод байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлт болохоор дотуур цус алдалт энэ тэр гэсэн юм гарсан байна лээ.
-Тусгай мэдлэг бүхий шинжээч нар нь хаанаас томилогдсон юм бэ. Тухайн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн үү?
-Эрүүл мэндийн яам, прокурор, яаралтай түргэн тусламж өөр хаанаас ч гэлээ 4-5 шинжээч нар томилогддог юм байна. Би ганц зүйлийг гайхдаг. Тэр олон шинжээч нар одоог хүртэл яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Би Хууль зүйн яаманд өргөдөл гаргаж өгсөн. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Энд миний ээжийн амь нас яригдаж байна гэсэн утга бүхий. Одоо хүртэл шийдэгдээгүй л байна. Эхний шинжээчийн дүгнэлт, түүний хариутай би санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гарын үсэг зураад прокурорт өгсөн. Одоо би хоёр дахь шинжээчийн дүгнэлтийн хариуг хүлээж байна. Яг үнэнийг хэлэхэд, би өмгөөлөгч энэ тэр аваагүй. Зүгээр хуулийн зөвлөгөө аваад явж байна.
-Тухайн үед жолоочоос гадна хажууд нь хүн суугаад л явсан байлгүй. Тэдгээр хүмүүсийг дуудаж гэрчийн мэдүүлэг авсан байдаг юм болов уу?
-Хэрэг явдал гарсны дараа цагдаагаас нэг нэгээр нь дуудаж байцаалт авсан юм билээ. Манай дүү бид хоёроос хохирогчийн мэдүүлэг гэж авсан.
-Та хохирогчийн байр сууринаас тухайн хэргийн материалтай танилцсан байх. Гэрчүүдийн өгсөн мэдүүлэг яг үнэн байдаг уу?
-Хэргийн материалыг надад танилцуулаагүй. Тийм гэрч тэгж мэдүүлсэн энэ тэр гэж ер үзэж хараагүй.
-Яагаад хохирогчид хэргийг одоо хүртэл танилцуулахгүй байгаа юм бол. Хоёр жил боллоо шүү дээ?
-Одоо бол прокурор, мөрдөгч хоёр нь хоёулаа надад “Шинжээчийн дүгнэлтийг л хүлээгээд байна” ингэж л хэлдэг. Нэгхэн хүний хэрэг шүү дээ. Монголд өөр өчнөөн гэмт хэрэг гарч байгаа. Нэг хүний хэрэг дээр хоёр жил болоод байдаг. Тэгээд түүнд нь нөлөөлж болохгүй гээд байгаа юм. Надад хугацаа хэлдэггүй. Би маргаашнаас прокурорт өргөдөл гаргаж үзнэ. Хууль зүйн яам бол нэг их авч хэлэлцээгүй.
-Та мөрдөгч, прокурорт хэрэгтэй танилцах тухай хэлж байв уу?
-Үгүй. Энэ маш инээдтэй, өмгөөлөгч авъя гэхээр хохирогчийн талд өмгөөлөх хэцүү гээд өмгөөлөгч нар хулчийгаад байх юм билээ.
-Талийгаач ямар мэргэжилтэй хүн байв. Олонтой ямар харилцаатай хүн байсан бэ?
-Манай ээж Сэлэнгэ аймагт насаараа л бага ангийн багш хийсэн дээ. Сэлэнгэ аймгийн Хөтөлд хамгийн сүүлд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан. Олонд нэр хүндтэй. Шавиараа хүрээлэгдсэн хүн байсан. Насны хувьд тэтгэвэрт гараад удаагүй байсан.
-Тухайн үед Архангай руу ажлаар явсан гэсэн. Биеийн байдал нь хэр байсан бэ?
-Бид хоёр нэг хэсэг эмнэлгээр яваад эмнэлэгт хэвтээд гарч ирсэн байсан. Жаахан ядаргаа энэ тэрээс болоод. Тэгж байхдаа шинжилгээ өгөхөд суурь өвчин гарч ирээгүй.
-Архангайгаас гарахад бие нь зүгээр байсан уу?
-Зүв зүгээр гарсан. Гэнэт л тийм зүйл болчихсон. Манай хүүхэд тухайн үед Сэлэнгэ аймагт байсан. Хүүхдийнхээ төрсөн өдрөөр хүүтэйгээ ганц хоночихоод маргааш нь буцаад гаръя гэж байтал гэнэт хөл хорьчихож байгаа юм. Тэгээд би хот руу явж чадахгүй хөл хоригдоод байж байтал өглөө тийм таагүй дуудлага хүлээж авсан. Ээжийн чинь бие муу байна гэж хамт явж байсан эгч уйлаад залгасан. Тухайн үед ухаангүй болоод амь тавихын үед насилкаар дамжилж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөөнд оруулсан юм байна лээ. Уг нь тэнд бүх зүйл нь бэлэн байсан юм билээ. Бүтэн шөнөжингөө оруулахгүй юу хийж байсан юм бэ.
Үнэхээр гомдмоор, тэгж байж нэг оруулаад эцсийн шатандаа очих мөчид, бараг нас барсных нь дараа нэг дусал залгасан байгаа юм. Тэрийгээ анхны тусламж гэж ярих гээд байгаа. Бүтэн шөнөжингөө юу хийж байсан юм бэ. Бүхэл бүтэн эрдэнэт хүний амь шүү дээ. Би хууль сайн мэдэхгүй ч гэсэн тэнд хүний амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдчихлөө. Үндсэн хуулийн үндсэн заалтууд бүгд зөрчигдсөн байгаа биз дээ.
-Та Хүний эрхийн комисст хандаж үзсэн үү?
-Үзсэн. Хүний эрхийн комисст ч гомдолтой байгаа. Тийм комисс гэж байгаад ч яах юм бэ.
Хүний амьд явах эрх нь зөрчигдчихөөд байхад Хүний эрхийн комисс гэж сүржин нэртэй байгууллага юу ч хийгээгүй. Одоог хүртэл энэ байгууллага холбогдохгүй байгаа нь инээдтэй байна.
Би комисс руу залгаад уулзаач ээ гэхэд ёстой нэг сонин зүйл болсон. Ээжийн минь амь нас настай холбоотой хэрэг болохоор би орхиж чадахгүй. Хамгийн гол нь би шүүх хурал хүлээгээд байна. Шүүх хурал болох ёстой гэж бодож байна. Дээрээс нь нөлөөлөөд байдаг юм уу, ямар учиртай юм. Шүүх хурал хийхгүй байна. Эсвэл тэр шинжээч нар нь ажлаа хийхгүй байгаа юм уу.
-Та тэр үед Сэлэнгэ аймагт хөл хоригдчихсон байсан. Хугацаа алдалгүй ирж чадсан уу?
-Ээж минь нас барчихлаа гэхээр би яаралтай гарах хэрэг болж байна шүү дээ. Тэгэхэд харин Сэлэнгэ аймгийн Онцгой байдлынхан надад маш хурдан нэвтрэх бичиг хийж өгч тусалсан. Ямар ч саадгүй Улаанбаатар хот руу орж ирсэн. Би мэдэнгүүтээ тэр өглөөнөө шууд гараад л үдээс хойш хотод ирсэн.
-Ирээд юу болсон бэ. Таниулах үйл ажиллагаа хийгдсэн үү?
-Ирээд шууд моорг руу очсон. Тэр чинь бас мөнгө төгрөг төлдөг юм байна лээ. Тэр үед ухаан санаа дэн дун байсан. Залуухан ээжийгээ цочир алдана гэдэг хамгийн аймшигтай зүйл байдаг юм байна. Түүнээс өвчтэй байгаад олон сар эмчлүүлээд явсан бол сэтгэл санааны бэлтгэл суучихсан байгаа шүү дээ. Гэнэт ээжийгээ алдсандаа маш их гомдолтой байгаа.
Би юу хүсээд байгаа вэ гэвэл тэр буруу онош тавьсан эмчийн буруу эсэх дээр шүүх хурал болоосой л гэж хүсч байна. Хамтарсан шинжээч нар дүгнэлтээ үнэн зөв гаргаад өгөөч ээ. Түүнийх нь дагуу шүүх хурал болоод тэр эмчид хуулийн дагуу ямар арга хэмжээ авах ёстой юм тэр хариулагыг л тооцуулмаар байна. Хамгийн гол нь шүүх хурал болох ёстой. Миний ойлгож байгаагаар улайм цайм худлаа дүгнэлт гаргаж ирээд, худлаа гэрчийн мэдүүлэг энэ тэр тавингуутаа шүүх хуралгүйгээр дуусгах гээд байна. Замхруулах гээд байна. Миний ээжийн амь нас учраас би шүүх хурал л хүсч байна. Тэр шинжээч нар хэнд ч ойлгомжтой хэрэг байхад яагаад бүтэн жил тойрч дуншдаг юм бэ. Гайхаад байх юм.
-Эхний дүгнэлт нь жилийн дараа гарсан гэсэн. Яг дүгнэлт дээрээ юу гэсэн байдаг юм бэ?
-Тэр илт худлаа дүгнэлт. Тухайн үед хэрэг болсон процессыг бичээд постны эмч ирээд судас барьж үзсэн гээд байгаа шүү дээ. Тийм арга хэмжээ авч болно. Зөв маягийн юм бичсэн байдаг. Хүний бие маш муу. Хамт байгаа улсууд нь гүйж сандарч давхиад байхад яагаад тэр эмч хамгийн наад зах нь ганцхан ширхэг өвчин намдаах эм өгчихсөн бол (уйлав). Тэр өрөөндөө оруулаад тариа хийдэггүй юм аа гэхэд. Үхэх хүртэл тэр өвдөлт ямар аймшгийн өвдөлт байсан бол. Тэр хүйтэн машин дотор. Тэр өвлийн ид хүйтэнд маш их зовж шаналж байж үхсэн байхгүй юу. Одоо би үүнийг ярихад маш хэцүү байна. Тэр эмч надад маш муухай, маш муу хүн санагдаж байна. Эмч хүн, хүн ардынхаа төлөө тангараг өргөдөг биз дээ. Ажилгүй гудамжинд явж байсан ч хүн хэвтэж байвал заавал тусламж үзүүлэх тангарагтай хүн шүү дээ. Гэтэл тэр хүн үүргээ гүйцэтгэж байгаа постон дээрээ анхны тусламж үзүүлэхээс татгалзсан. Тэр хүнийг өмөөрөх ямар ч шалтгаан байхгүй. Судас барьж үзсэн. За яах вэ тэрийг нь авч үзэхээ больё. Сүрхий том аппарат тавиад үзсэн гэж бодъё. Үхэлд хүргэх өвчин биш гэж худлаа онош тавьсан байгаа биз дээ. Тухайн үед тусламж үзүүлэх бүх аппарат техник хэрэгсэл нь тэр постон дээр бэлэн байсан байгаа юм. Хэрвээ миний ээжид тэр л үедээ оруулаад дусал залгаад хэвтүүлчихсэн бол өнөөдөр амьд сэрүүн явж байх ёстой байсан. Тийм байтал тэр эмч ямар ч буруугүй юм шиг биднийг мартлаа шүү дээ.
-Тэр эмч та бүхэнтэй уулзсан уу?
-Юун уулзах, уучлалт гуйх байтугай одоог хүртэл зүв зүгээр ажлаа хийгээд явж байгаа. Биднээс албан ёсоор уучлалт гуйгаагүй. Бүхэл бүтэн хүний амь насаар тоглочихоод үнэхээр гомдолтой байна.
скачать dle 12.0

Санал болгох