Монгол Улс архинаас үүдэлтэй нас баралтаар дэлхийд ХОЁРДУГААРТ БИЧИГДЭЖ байна

🕔 2022/05/31 13:32

“World Life Expectancy” нь 10 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй, дэлхийн хамгийн том эрүүл мэнд, дундаж наслалтын мэдээллийн сантай байгууллага юм.
Вебсайт дээрх мэдээлэл нь тогтмол шинэчлэгддэг ба дэлхийн улс орнуудын нас баралтын шалтгаан, зонхилох өвчинтэй холбоотой тоон мэдээллийг эндээс харах боломжтой.
Тус байгууллагын статистикаас үзвэл Монгол Улс (68.10) нь дундаж наслалтаараа вебсайтад мэдээлэл нь бичигдсэн 183 орноос 132-д нь эрэмбэлэгдэж байгаа бол Ази тивд Мьянмар (69.13), Лаос (68.51) улсын ард, Пакистан (65.61), Афганистан (63.21) улсын өмнө жагсаж байна. 
Харин Япон улс (84.26) дэлхийд наслалтаараа тэргүүлж, Африкийн Лесото улс (50.75) сүүлд жагсжээ.
Тэгвэл Монголын хүн амын нас баралтын зонхилох шалтгааныг зүрхний титэм судасны өвчин, тархины цус харвалт, элэгний хорт хавдар, элэгний өвчин, ходоодны хорт хавдар, зам тээврийн осол, уушгины хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, уушгины өвчин, архи тэргүүлж байна. Эдгээр шалтгаануудын араас амиа хорлолт эрэмбэлэгджээ.
Бусад улс орнуудтай харьцуулж үзвэл Монгол Улс элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлсэн бол харвалт, элэгний өвчин, архинаас үүдэлтэй нас баралтаар дэлхийд хоёрдугаар жагсжээ. Харин улаан хоолойн хорт хавдрын нас баралтаар гуравт ордог байна.
Архитай холбоотой нас баралтаар Монголын өмнө Беларусь улс бичигдэж жагсаалтыг тэргүүлж байгаа бол Орос улс гуравдугаарт, Гватемал, Словени, Эль Сальвадор, Украин, Польш, Латви, Эстони улс удаалжээ.
Мөн нийт хорт хавдрын үзүүлэлтээр Монгол Улс жагсаалтын эхэнд бичигддэг байна.
Түүнчлэн Монгол Улс нь тархины үрэвсэл, ходоодны шархлааны өвчин, хордлого, зүрхний хэрэх өвчнүүдийн нас баралтаар тааруу үзүүлэлттэй байдаг байна.
Харин дотоодын нас баралтын зонхилох 50 шалтгаанд багтаж буй арьсны хорт хавдар, бүдүүн-шулуун гэдэсний хорт хавдар, давсагны хорт хавдар, чихрийн шижин, лейкеми цусны хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар, тунгалгийн булчирхайн хорт хавдар, хөхний хорт хавдрын нас баралтаар бусад орнуудтай харьцуулахад сайн буюу дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэж байна.

Эх сурвалж: newswire.mn
скачать dle 12.0

Санал болгох