Яллагдагчаар татагдсан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээж, хэрэг нь прокурорт гацжээ
Хууль, хяналтынхны дуудсан цагт нь зангиагаа зүүгээд гутлаа тослоод очихоо мэдэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хэд, хэдэн үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорын шатанд яваа гэдгийг албаныхан мэдээлсэн. Дээр нь тагнуулын байгууллагаас давхар шалгаж байгаа гэх мэдээлэл ч бий.
Тэгвэл яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "төрхөмдөө" буцжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг намын гишүүнчлэлээ сэргээж, АН-ын ажилд идэвхтэй оролцож байгаа талаар М.Тулгат дарга нь хэвлэлд ярьжээ.
Тэрбээр "АН дотроо зөвлөхүүдийн танхимтай. Уг танхимд улс төрийн нөлөө бүхий хүмүүс багтдаг. Энэхүү зөвлөлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж багтдаг. Хамгийн сүүлд энэ зун намын залуу гишүүдтэйгээ уулзсан" гэсэн байна.
Өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын төрийн тэргүүний суудлаа өгсөн Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа Ц.Элбэгдорж болон М.Энхсайхан нартай холбоотой 170 гаруй хуудас материал нотлох баримтыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг.
Эл хүрээнд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ-аас дуудаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 24 цаг саатуулсан билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг цагдан хориогүй ч, дуудаж тайлбар мэдүүлэг авсан юм.
Түүний дараахан Ц.Элбэгдорж хэвлэлийнхэнд өөрийгөө хоёр үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэдгээ хэлсэн бөгөөд албаныхан ч түүний мэдээллийг тухайн үед үгүйсгээгүй.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард "Хуулийн байгууллагаас намайг шалгаж байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан цагаас эхэлж, олон хэрэг дээр шалгалтын ажиллагаа явуулсан. Одоо хоёр үндэслэлээр л хуулийн байгууллагад шалгагдаж байна. Бусдыг нь хэрэгсэхгүй болгосон" гэж ярьсан бөгөөд түүнийг "Эрдэнэт" үйлдвэр болон гадаадын хөрөнгө оруулалттай дунд сургуулийн 10 хувийг эзэмшдэг гэх хэрэгт яллагдагчаар татсан байдаг.
Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргээж, АН-аас явуулж байгаа ажилд идэвхтэй оролцох болжээ. Харин түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан ч хэрэг нь прокурорын байгууллагад шилжээд удаж байна.